Үйлчилгээний нөхцөл
Шинэчилсэн огноо: 2026.08.05
Ерөнхий зүйл
- Үйлчилгээний нөхцөл нь Ногоон оноо байгаль НҮТББ (цаашид “НОБ” гэх)-ийн www.greenscore.mn цахим хуудас (“цахим хуудас”), Greenscore аппликейшн (цаашид “Ногоон оноо апп” гэх)-д нэвтэрч, бүртгэл үүсгэх, Ногоон оноо апп болон хамтрагч байгууллагуудын системээр дамжуулан ногоон оноог цуглуулах, ашиглах, шилжүүлэх, үлдэгдэл оноогоо шалгах, гүйлгээний түүхээ харах, урамшуулалд хамрагдахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
- Үйлчилгээний ерөнхий нөхцөл болон түүнд орох нэмэлт, өөрчлөлтийг www.greenscore.mn цахим хуудас болон Ногоон оноо апп-д байршуулна.
- Харилцагч та (цаашид “Харилцагч” гэх) бүртгэл үүсгэхийн өмнө Үйлчилгээний нөхцөлтэй заавал уншиж танилцах үүрэгтэй бөгөөд ийнхүү уншиж танилцсан тухай баталгаажуулах үйлдэл хийснээр Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
- НОБ нь Үйлчилгээний нөхцөлд хэдийд ч өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд харилцагч Үйлчилгээний нөхцөл шинэчлэгдсэн тухай бүр цахим хуудас, Ногоон оноо апп-аар хүргүүлсэн мэдэгдлийн дагуу сүүлийн хувилбарыг уншиж танилцаж байх үүрэгтэй.
- Үйлчилгээний нөхцөлийг уншиж танилцахгүйгээр зөвшөөрсөн, эсвэл Үйлчилгээний нөхцөлийн шинэчлэлттэй танилцаагүй нь Үйлчилгээний нөхцөлийг мөрдөхөөс татгалзах шалтгаан, үндэслэл болохгүй бөгөөд харилцагч үйлчилгээг авч, үргэлжлүүлэн ашигласаар байгаа бол Үйлчилгээний нөхцөл, түүний шинэчлэлтийг дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.
- НОБ нь Үйлчилгээний нөхцөл, Ногоон оноо цуглуулах болон ашиглах журам, урамшууллын нөхцөл, хамтрагч байгууллагын нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт нь цахим хуудас болон Ногоон оноо апп-д нийтлэгдсэн өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
- Харилцагч Үйлчилгээг ашигласнаар НОБ болон хамтрагч байгууллагаас тогтоосон тухайн үеийн хүчин төгөлдөр нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Нэр томьёоны тодорхойлолт
Үйлчилгээний нөхцөлд хэрэглэгдсэн дараах нэр томьёог дор дурдсан агуулгаар ойлгоно. Үүнд:
- “Ногоон оноо” гэж нэгж бүр нь нэг төгрөгтэй тэнцэх, хувь хүн болон хуулийн этгээдийн нийгмийн хариуцлагыг дэмжих хүрээнд байгальд болон нийгэмд ээлтэй зөв дадал, эерэг үйлдлийг үнэлж буй урамшууллын нэгжийг;
- “Үйлчилгээ” гэж харилцагч Ногоон оноо апп-д бүртгүүлэх, ногоон онооны хэтэвчдээ ногоон оноог цуглуулах, ашиглах, бүртгэлээ хаах зэргээр цахим хуудас, Ногоон оноо апп-аар дамжуулан харилцагч, хамтрагч байгууллагын авч буй бүх төрлийн үйлчилгээг;
- “Хамтрагч байгууллага” гэж байгальд ээлтэй, эко, ногоон бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг, эсвэл энэ төрлийн үйлчилгээ, үйл ажиллагааг дэмждэг “Green Scoring Loyalty” хөтөлбөрт нэгдсэн, өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн дүнгийн тодорхой хувьд ногоон оноогоор хөнгөлөлт үзүүлэх, харилцагч ногоон оноог цуглуулах болон ашиглах нөхцөл, боломжийг бүрдүүлэхээр НОБ-той хамтран ажиллах гэрээ байгуулсан хуулийн этгээдийг;
- “Хамуга ID” гэж харилцагч Ногоон оноо апп-д бүртгүүлэх үед Үйлчилгээ авахад нь зориулж харилцагчийн зөвшөөрлөөр түүний хувийн мэдээллийг цуглуулж, таньж баталгаажуулсны дараа цуглуулсан хувийн мэдээлэлд үндэслэн тухайн харилцагчид үүсгэсэн бүртгэлийн дугаарыг;
- “Хамуга систем” гэж Үйлчилгээг хамтрагч байгууллага болон харилцагчид үзүүлэх зорилгоор НОБ-ын нэрийн өмнөөс хамтрагч байгууллага болон харилцагчийн зөвшөөрлөөр тэдгээрийн байгууллагын болон хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, дамжуулах, харилцагчийг таньж баталгаажуулах, хамтрагч байгууллага болон харилцагчид Хамуга ID үүсгэж буй НОБ-той гэрээ байгуулсан гуравдагч этгээдийн системийг;
- “Харилцагч” гэж Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу Ногоон оноо апп-д бүртгэл үүсгэн, ашиглаж буй хувь хүнийг;
- “Хэтэвч” гэж харилцагчийн ногоон оноог цахим орчинд хадгалах, удирдах, ашиглах боломжийг олгож буй дижитал үйлчилгээг;
- “Ногоон онооны гүйлгээ” гэж НОБ болон хамтрагч байгууллагаас тогтоосон шаардлагыг хангасан байгальд ээлтэй үйл ажиллагааг;
- “Урамшуулал” гэж хамтрагч байгууллагаас ногоон оноо ашиглан авах боломжтой бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт, давуу нөхцөлийг;
- “Систем” гэж Ногоон оноо апп, цахим хуудас, сервер, мэдээллийн сан, холбогдох программ хангамжийг.
Харилцагчийн бүртгэл ба үйлчилгээ авах нөхцөл
- Харилцагч бүртгэл үүсгэхгүйгээр цахим хуудсаар зочлох, Ногоон оноо апп-ыг татаж авч болох бөгөөд энэ тохиолдолд Үйлчилгээг ашиглах боломжгүй бөгөөд Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой танилцах болон Үйлчилгээний талаарх холбогдох мэдээллийг авах боломжтой.
- Харилцагч Ногоон оноо апп-д бүртгэл үүсгэх замаар Үйлчилгээг ашиглах эрхтэй болно.
- Харилцагч Ногоон оноо апп-д бүртгэл үүсгэхдээ Хамуга системд өөрийн овог, нэр, регистрийн дугаар, имэйл хаяг зэрэг хувийн мэдээллийг өгч, төрийн танилт нэвтрэлтийн ДАН системээр танин баталгаажуулалт хийсний дараа харилцагчид бүртгэл үүсэж, Хамуга ID-тай болно. Харилцагч зөвхөн нэг удаа бүртгэл үүсгэх боломжтой.
- Харилцагч бүртгүүлснээр түүнд ногоон оноог цуглуулах, ашиглах, үлдэгдэл шалгах боломжтой хэтэвч үүснэ.
- Харилцагч Ногоон оноо апп-д бүртгүүлснээр, хамтрагч байгууллагаас тогтоосон нөхцөл, шалгуурыг хангаснаар ногоон оноог хэтэвчдээ цуглуулна.
- Харилцагч цуглуулсан ногоон оноогоо ашиглан хамтрагч байгууллагаас тогтоосон нөхцөлөөр түүний бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахдаа хөнгөлөлт эдлэх боломжтой.
- Хүүхдэд харилцагчийн бүртгэл үүсгэх. Бүртгэлтэй харилцагч хууль ёсны төлөөлөгч, харгалзан дэмжигч болохын хувьд 14-18 настай хүүхдийн регистрийн дугаар, утасны дугаар, имэйл хаяг зэрэг хувийн мэдээллийг оруулах замаар хүүхдэд харилцагчийн бүртгэл үүсгэх боломжтой.
- Хүүхдэд харилцагчийн бүртгэл үүсгэх үед харилцагчид Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогыг дахин танилцуулж, зөвшөөрлийг авах бөгөөд энэ нь Иргэний хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу зөвшөөрөл олгож буйд тооцогдоно.
- Харилцагч хүүхдэд харилцагчийн бүртгэл үүсгэж, Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогыг зөвшөөрч, баталгаажуулснаар хүүхэд харилцагч болохын хувьд Хамуга ID, хэтэвч үүсэж, ногоон оноо цуглуулах, ашиглах замаар Үйлчилгээг бүрэн авах боломжтой болно.
- Харилцагч бүртгэл үүсгэхдээ өөрийн нэрийн өмнөөс үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй.
- Харилцагч өөрийн бүртгэлийг бусдад ашиглуулах, худалдах, шилжүүлэхийг хориглоно.
- Хуурамч мэдээлэл ашигласан, бусдын мэдээллээр бүртгүүлсэн, системийн хэвийн ажиллагаанд нөлөөлсөн тохиолдолд НОБ нь бүртгэлийг түр түдгэлзүүлэх, хаах эрхтэй.
- Харилцагч өөрийн мэдээллийг нууцлан хамгаалах үүргээ зөрчсөн эсхүл өөрийн болгоомжгүйгээс бусдад алдсан, дамжуулсны улмаас залилан луйврын шинжтэй асуудалд өртөх, өөрт хохирол учирсан бол цагдаа эсхүл эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх ба НОБ-ын зүгээс шаардлагатай мэдээллийг гарган өгч хамтран ажиллана.
- Ногоон оноо апп-ын нэвтрэх нэр, нууц үг, пин код мөн Ногоон оноо апп-д бүртгэлтэй цахим шуудангийн хаяг, утасны дугаар болон “баталгаажуулалт”-ын хэсэг нь харилцагчийн баталгаат гарын үсэг адил хүчин төгөлдөр бөгөөд баталгаажуулалтын хэрэгслүүдээр дамжуулан хийгдсэн аливаа ногоон онооны шилжүүлэг, ашиглалт нь харилцагч тухайн үйлдлийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсныг илэрхийлнэ.
- НОБ нь ногоон оноо цуглуулалт болон ашиглалтын талаарх ерөнхий мэдээлэл, нөхцөл, шаардлага, хамтрагч байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээний аливаа хөнгөлөлт, урамшуулал зэргийг зөвхөн НОБ-ын албан ёсны цахим хуудас, Ногоон оноо апп болон баталгаажсан тэмдэг бүхий сошиал хуудсаар мэдэгдэнэ.
Ногоон оноо цуглуулах, ашиглах, устгах нөхцөл
- Харилцагч ногоон оноог зөвхөн НОБ, хамтрагч байгууллагын тогтоосон нөхцөл, шалгуурыг хангасныг баталгаажуулснаар цуглуулна.
- Харилцагчийн цуглуулсан бүх ногоон оноо түүний Ногоон оноо апп дахь хэтэвчинд хадгалагдана.
- Харилцагч хамтрагч байгууллагын буцаалтын нөхцөлийн дагуу бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалтыг буцааж, буцаалт хамтрагч байгууллагаас баталгаажсан тохиолдолд ашигласан ногоон оноог (ашигласан оноо устгагдсан тохиолдолд хамтрагч байгууллагын хэтэвчнээс) харилцагчийн хэтэвчинд буцаан шилжүүлнэ.
Харилцагчийн гомдол шийдвэрлэх ажиллагаа
Харилцагч Үйлчилгээнд холбогдох дараах төрлийн гомдлыг www.greenscore.mn цахим хуудас эсхүл info@greenscore.mn цахим шуудангийн хаягаар хүлээж авна. Үүнд:
- Харилцагчийн бүртгэл, Ногоон оноо апп-ын нууц үг, хэтэвчний гүйлгээний код сэргээх, солих болон хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж буйтай холбоотой;
- Ногоон оноо цуглуулах, ашиглахтай холбоотой Ногоон оноо апп-аар хийгдсэн гүйлгээ дутуу, буруу, алдаатай хийгдсэн, системийн алдаа гарсантай холбоотой.
- Харилцагч гомдлоо тухайн үйл явдал болсноос хойш эсвэл мэдсэнээс хойш хуанлийн 30 хоногийн дотор дээр заасан сувгаар гаргана.
- НОБ гомдлыг хүлээн авснаас хойш ажлын гурав хоногийн дотор гомдол гаргасан хаяг руу хариу өгөх бөгөөд гомдлын хүрээнд хийгдэж буй ажиллагаа, шийдвэрлэлттэй холбоотой мэдээллийг хариунд дурдана.
- НОБ гомдлыг хүлээн авснаас хойш ажлын арав хоногийн дотор шийдвэрлэж, шийдвэрийг гомдол гаргасан хаяг руу илгээнэ.
- Үйлчилгээний болон системийн сайжруулалт, өөрчлөлт хийж байгаа тохиолдолд гомдолд хариу өгөх, маргаан шийдвэрлэх хугацаанд өөрчлөлт орох боломжтой.
- Харилцагч хамтрагч байгууллагаас ногоон оноо цуглуулсан, ногоон оноогоо ашиглаж хөнгөлөлт, урамшуулал эдэлсэн бөгөөд хамтрагч байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээнд холбогдох аливаа асуудал, гомдол, саналыг тухайн байгууллагад гаргаж шийдвэрлүүлнэ.
Хариуцлага ба хязгаарлалт
- Үйлчилгээг ашиглах зорилгоор харилцагчийн өгсөн хувийн болон бусад мэдээлэл, баталгаажуулалт нь бүгд үнэн зөв, бүрэн байх бөгөөд мэдээллээ буруу, дутуу оруулсан, мэдээллээ засаж өөрчлөөгүйгээс үүссэн аливаа эрсдэл, үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна.
- Харилцагчийн бүртгэлтэй цахим шуудангийн хаяг, утасны дугаарт очсон мэдээлэл нь Үйлчилгээний салшгүй нэг хэсэг болох бөгөөд харилцагч өөрийн мэдээллийн нууцлалыг чандлан хадгалж, бусдад алдахаас сэргийлнэ.
- Харилцагч цахим үйлчилгээний нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний код болон бусад баталгаажуулалтын хэсгээ алдагдах эрсдэл бүхий тоног төхөөрөмжид хадгалах, эд зүйлс дээр тэмдэглэхгүй байх, бусдад алдахаас сэргийлнэ.
- Харилцагч Ногоон оноо апп-д нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний код болон бусад баталгаажуулалтын мэдээллийг бусдад дамжуулахгүй байх, нууцлалыг хадгалах, задруулахгүй байх, эдгээрийг хамгаалаагүйгээс үүсэн гарсан аливаа хохирлыг харилцагч өөрөө хариуцна.
- Ногоон оноо апп-д нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний код гуравдагч этгээдэд дамжуулж, ашиглуулсны улмаас үүссэн үр дагаврыг НОБ хариуцахгүй.
- Ногоон оноо апп-ын нэвтрэх нэр, нууц үг, хэтэвчний гүйлгээний код болон бусад баталгаажуулалтын мэдээллийг мартсан, буруу оруулсны улмаас аливаа үйлдэл амжилтгүй болох, саатал гарах зэрэг аливаа эрсдэлийг харилцагч өөрөө хариуцна.
- Харилцагч баримт бичиг хуурамчаар үйлдэх, залилан мэхлэх, бусдын хувийн мэдээллийг ашиглах, Үйлчилгээний нөхцөлийг зөрчих, зүй бус, худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тараах, Үйлчилгээг зүй бус, хууль бус үйлдэл, үйл ажиллагаанд ашиглах, системийн алдааг ашигласны улмаас бий болсон үр дагаврыг хариуцан арилгах бөгөөд НОБ, хамтрагч байгууллагад хохирол учруулсан бол хохирлыг үл маргах журмаар төлж барагдуулна.
- Үйлчилгээ нь аливаа байдлаар ашиг олох зорилгогүй, НОБ-ын дүрэмд заасан зорилго, чиглэлийн дагуу хувь хүн, хуулийн этгээдийн нийгмийн хариуцлагыг дэмжих, нийгэм болон байгальд ээлтэй үйлдэл, үйл ажиллагааг ногоон оноогоор үнэлэх хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа тул Үйлчилгээг авах хүрээнд харилцагч, хамтрагч байгууллагуудын гаргасан үйлдэл, үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээнд хамаарах улмаас аливаа хариуцлага хүлээхгүй.
- НОБ нь цахим хуудас, Ногоон оноо апп-ын хэвийн, тасралтгүй ажиллагааг хангах бөгөөд уг ажиллагаанд холбогдох гомдлыг Үйлчилгээний нөхцөлд заасан журмаар шийдвэрлэнэ.
- НОБ-ын хяналтаас гадуур бий болсон давагдашгүй хүчин зүйлс (байгалийн аюулт болон гамшигт үзэгдэл, цар тахал, халдварт өвчин, хорио цээр, дайн, зэвсэгт бослого, хөдөлгөөн, үймээн самуун, төвийн эрчим хүч, цахилгаан, харилцаа холбооны тасалдал, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хууль тогтоомжийн өөрчлөлт зэрэг эдгээрээр үл хязгаарлагдах бусад нөхцөл байдал)-ийн улмаас цахим хуудас, Ногоон оноо апп-ын хэвийн ажиллагаа алдагдсан тохиолдолд холбогдох баримтаар нотолж, хариуцлагаас чөлөөлөгдөнө.
Оюуны өмч
- Цахим хуудас, Ногоон оноо апп суурилж буй программ, тэдгээрт байршуулсан, нийтэлсэн мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний лого, дүрс, дизайн, өнгө зэрэг нь НОБ-ын оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр ашиглах, хуулбарлахыг хориглоно.
- Цахим хуудас, Ногоон оноо апп болон цахим үйлчилгээнд ашиглагдаж буй зохиогчийн эрхээр хамгаалагдсан программ хангамжийн кодыг энгийн хэлбэрт оруулах, программ хангамжийн бүтцийг хуулбарлах (бүхэлд нь эсвэл хэсэгчлэн), урвуу инженерчлэл хийх, задлах зэргээр ямар нэгэн байдлаар түүнд өөрчлөлт оруулахыг хориглоно.
Мэдээлэл авах, холбоо барих
- Харилцагч Үйлчилгээний тухай лавлагаа мэдээллийг НОБ-ын лавлах утасны дугаар, цахим хуудас, Ногоон оноо апп, олон нийтийн цахим сүлжээ, платформ дахь НОБ-ын албан ёсны баталгаажсан тэмдэг бүхий хуудас руу хандаж авна.
- Харилцагч Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой санал хүсэлтээ НОБ-ын лавлах утас, www.greenscore.mn цахим хуудас эсхүл info@greenscore.mn цахим шуудангийн хаягаар хандан илгээж болно.
- Цахим хуудас, Ногоон оноо апп дээр ногоон оноо цуглуулах, ашиглахад хамаарах хамтрагч байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх танилцуулга, мэдээлэл байршуулж болох бөгөөд тэдгээр бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах нөхцөл, бусад холбогдох мэдээллийг тухайн байгууллагад хандаж авна.
